Орчны шинжилгээний мэдээ > Хөрсний шинжилгээний мэдээ

Цөлжилтийн төлөв байдлын тойм

Шинэчлэгдсэн: 2024-04-27 04:31:56

ЗАВХАН АЙМГИЙН ЦӨЛЖИЛТИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТОЙМ

Цаг уурын нөхцөл:

Завхан аймгийн хувьд цаг уурын 8 өртөө, 15 харуулуудад цаг уурын байнгын ажиглалт хийж уур амьсгалын төлөв байдал нөхцлийн мэдээлэлийг цаг тухай бүрд нь гарган ажилладаг. Тус аймгийн хувьд нийт нутаг хотгор гүдгэрийн ялгаа ихтэй учраас өвөл, зуны температурын хэлбэлзэл ихтэй байдаг .

 1937-2019 он хүртэлх олон жилийн агаарын температур +0,7 градусаас -6,9 градус хэлбэлзэнэ. Өөрөөр хэлбэл жилийн дундаж температурын агууриг 7,6 градус болж байна. Жилийн дундаж агаарын температур аймгийн нутгийн баруун, баруун өмнөөс зүүн, зүүн хойшоо хүйтэрсэн тархалттай байна.

Жилийн хүйтэн сар нь аль ч нутагтаа 1 дүгээр сар байх бөгөөд аймгийн хойд болон зүүн хэсгээр сарын дундаж  температур 28-32 градус хүрч, хахир хүйтэн өвөл  болдог байна. Зарим хүйтэн өвөл Хангайн нуруу, Тарвагтай, Булнай, Тагнын нурууны сав нутгаар 49-55 градус хүрч хүйтэрнэ. Харин зуны улиралд хөрсний гадаргад 54-68 градус хүртэл халдаг учраас хөрсний гадаргын температурын хэлбэлзэл бүр ч их байдаг.

  • Жилийн дулаан улиралд харьцангуй чийгшил уулархаг нутгаар 40-79 хувь, говь их нуурын хонхорт 25-45 хувь байна.

Жилд 30 хувиас бага чийгтэй өдрийн тоо уулархаг нутгаар 50-90 хоног, говь хээрийн нутгаар 80-120 хоног байгаагаас үзэхэд тус аймгийн говь болон их нуурын хонхорт агаар нилээд хуурай байна. Сүүлийн  жилүүдэд  өдрийн харьцангуй чийгшил 5-8 хувь хүртэл буурах тохиолдол ихсэж байна.

  • Хур тунадасны хэмжээ нийт нутгаар харилцан адилгүй байх бөгөөд Хангайн нуруу, Булнай, Тарвагатай,Тагнын нуруу, өндөр уулсын нутгаар 199-238мм, говь болон их нууруудын хонхороор 83-110мм, бусад нутгаар 115-192мм тунадас ордог.
  • Жилийн дундаж салхины хурд ууландаа 2.0м/с, говь хээрт 3.1м/с хүрнэ. Ялангуяа хавартаа салхи ихтэй байдаг. 15м/с –ээс дээш хүчтэй салхитай өдрийн тоо олон жилийн дунджаар 7-22 байна. Салхины хамгийн их хурд 20-40м/с хүрдэг байна. Шороон шуургатай өдрийн тоо уулархаг болон тал хээрийн бүс  нутгаар 29-76 хоног, харин Улиастай, Дөрвөлжин сумдын нутгаар 80-105 хоног  байдаг байна. Өвөл зунд салхины зонхилох чиглэл солигдож хавар намар шилжилтын байдалтай байх боловч орчны урсгал, газар нутгийн нөлөөнөөс өвөрмөц байдалтай байдаг.

Цөлжилтийн хяналт шинжилгээ:

2020 онд Завхан аймгийн 24 сумын 109 зогсоол цэгээс 2 сар 9 хоногийн хугацаанд 218 хөрсний дээж авч анхан шатны судалгаанууд хийсэн.

            Зогсоол цэгийг тулгуурлан хөрсний чанарын анхан шатны хяналт шинжилгээгээр 12 үзүүлэлтээр  тодорхойлов. Үүнд: мониторингийн цэгийн байршил, хөрсний зүсэлтийн морфологи бичиглэл, хөрсний гадарга дээрх элсэн хуримтлалын хэлбэр, зузаан, хөрсний ялзмагт давхаргын зузаан, давсжилт, хөрсний урвалын орчин, амь чийг, органик нүүрстөрөгчийн агууламж, ялзмагийн агууламж, нитратын азот, аммони азот, кальци, магни зэрэг  үзүүлэлтэнд дүн шинжилгээ хийв.

Хөрсний судалгааны  газар дээр тодорхойлсон үр дүн: Мониторингийн цэгийн байршил, Хөрсний морфологи бичиглэл, хөрсний гадарга дээрх элсэн хуримтлалын хэлбэр, зузаан, хөрсний ялзмагт давхаргын зузаан зэрэг үзүүлэлтийг 109 зогсоол цэг бүр дээр хийж гүйцэтгэсэн.

Хөрсний хэв шинжийн хувьд авч үзвэл, ихэнхдээ хээрийн болон цөлийн хүрэн бор, бор хэв шинжид багтаж байна.

Дээрх эвдрэлийн зэргийн тархалтын зургаас үзэхэд ихэнхи сумдын нутаг дэвгэрээр эвдрэлийн зэрэг- 0, эвдрэлийн зэрэг-1 гэсэн ангилалд багтаж байна. Харин Нөмрөг сумын ззүн хэсэг, Тосонцэнгэл сумын зүүн өмнөд хэсгээр гэсэн зарим нутаг дэвсгэрээр эвдрэлийн зэрэг-3 гэсэн ангилалд хамаарч буйг тархалтын зураг дээр тодорхой өнгөний шатлалаас нь хамааруулан харж болно.

Завхан аймаг нь үндсэндээ  хээрийн, цөлжүү, цөлийн гэсэн 3 бүсэд хуваагддаг ба  цөлжилтийн мониторинг  цэгүүд дэх ургамлан бүрхэвчийн хувьд авч үзвэл: 

 Хялгана, Ерхөг болон Агь зонхилсон 46 төрлийн давхардсан тоогоор 462 ширхэг ургамал тус цэгүүдэд ажиглагдсан байна.

Судалгааны лабораторийн нөхцөл дэх шинжилгээний үр дүн:

Урвалын орчин

Судалгаанд хамрагдсан 109 цэгийн 218 дээжинд хөрсний урвалын орчныг тодорхойллоо.

Урвалын орчны үзүүлэлтүүдийг үе давхарга тус бүрийн хувьд авч үзэхэд:

  • А үе давхаргад нутгийн баруун болон баруун өмнөд хэсгээр хөрсний урвалын орчин шүлтлэг, төв болон хойд хэсгээр хүчиллэг, саармаг орчинтой,
  • В үе давхаргад нутгийн ихэнхи  хэсгээр орчин шүлтлэг, Тэлмэн сумын ихэнхи хэсгээр болон бусад сумдын зарим хэсэг хэсгээр хүчиллэг орчинтой байна.

Хөрсний урвалын орчны тохиромжтой хэмжээ нь 6-7 байвал зохимжтой. Уг судалгааны үр дүнгээс харахад А, В гэсэн үе давхаргуудад харилцан адилгүй нутгийн зүүн хойд хэсгээр харагдаж байгаа ч В үе давхаргад илүү урвалын орчин нь тохиромжтой хөрс илүү тархалттай харагдаж байна.

Ялзмаг

Ялзмагийн агууламжийг Тюриний аргаар тодорхойлов. Ялзмаг нь хөрсний үржил шимийг тодорхойлох үндсэн үзүүлэлт болдог. Монгол орны хөрс ерөнхийдөө ялзмаг бага, хөрсний ялзмагийн хэмжээ, хөрсний хэв шинж, дэд хэв шинж, төрөл зүйл, дүрс зэргээс хамааран харилцан адилгүй байдаг. Ялзмагийн агууламжийн хэмжээ хөрсний хэв шинж, дэд хэв шинж, тэдгээрийн дотор механик бүрэлдэхүүнээс хамаарч нэлээд хэлбэлзэлтэй байна. Хөрсний ялзмагийн дундаж агууламжийг харуулав.

Хөрсний ялзмагийн агууламж 0.05-1.54% байна. Шинжилгээний дүнгээс харахад өндөр агууламжтай нь Завханмандал сумын Олонбулаг баг , Их уул, Тосонцэнгэл зарим багаар, Отгон сумын  Бадрал баг байна. Мөн ойн бүрхэвчтэй давхцуулахад тухайн нутаг дэвсгэрт ялзмагийн агууламж харьцангуй өндөр хувьтай харагдаж байна.   Хөрсний ялзмагийн агууламж тухайн хөрсний үржил шимтэй шууд холбоотой бөгөөд хэдий чинээ их ялзмагтай байна, төдий чинээ ус, агаар, дулаан, физик- химийн шинж чанар нь сайн байна.

Дүгнэлт:

Завхан аймаг нь Хангайн нурууны  гол хэсэг, түүний салбар уулсууд оршдог бөгөөд хойд ба   зүүн хойд, зүүн хэсгээр Тагна, Булнай, Тарвагатай, Хангайн нуруу, баруун хойд хэсгээрээ Хан Хөхий, баруун өмнөд хэсгээр Алтайн нурууны салбар уулсаар тус тус  хүрээлэгдэн далайн мандлаас өндөр өргөгдсөн уулархаг гадаргатай тул ерөнхийдөө уур амьсгалын хувьд сэрүүн байна. Нутаг дэвсгэрийн баруун, баруун өмнөд хэсэгт бага зурвас цөл говийн бүс, их нуурын хотгорт орших тул элсэн цөлийн нөлөө ихтэй. Энд Дөрвөлжин, Ургамал сумдын нутаг хамрагдаж  782,6 мянган га талбайг эзлэх  хамгийн хойш түрэн тогтсон Борхяр, Монголын элсэн цөл үргэлжилнэ.

Хөрсний эвдрэл нь хүн болон байгалийн хүчин зүйлээс шууд хамрааралтай. Хөрсний эвдрэлийн зэргээр үнэлэж авч үзэхэд эвдрэлийн ихэнхи хувь, тоо хэмжээ нь мал аж ахуйн салбартай холбогдож байна. Энэ нь малын бэлчээрийн даацын гол асуудал бөгөөд бэлчээрийн талхагдлаас болж хөрс элэгдэл, эвдрэлд орох түүний ус чийгийн хангамж багасаж үржил шим буурах, эрдэс тэжээлээр дутагдах, ургамлын бүрхэвч доройтох, мод сөөг багасаж хээржих, цөлжих зэрэг сөрөг үр дагаврын угтвар хөнцлийг бүрдүүлэх тул үүн дээр зохимжтой шийдэлд хүрэх шаардлагатай гэж үзэж байна.